Tuesday, June 19, 2007

... ийм л юм болсон байна даа..

Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ огцом өссөн нь байгалийн баялаг ихтэй монголчуудын хувьд аз гийсэн хэрэг байв. Ялангуяа зэсийн үнийн халуурал 2006 оны зургадугаар сард дээд цэгтээ хүрч, тонн нь 9000 ам.доллар хүрэн алдсан. Манайхны "саалийн ганц үнээ" гэж нэрлэх дуртай уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн ашиг орлого огцом нэмэгдэж, энэ хэрээр төрийн хэтэвч ч чамгүй зузаарлаа. Монгол Улсын нийт төсөв түүхэндээ анх удаа триллион давж, энэ онд л гэхэд төсвөөс 400 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ үнийн өсөлтөөс бий болсон энэхүү гэнэтийн орлого үйлдвэрлэлийн, эсвэл бизнесийн ашиг биш.


Ашигт малтмалын үнэ гэнэт өссөн шигээ гэнэт буурна гэдгийг мартаж болохгүй. Уул уурхайн мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачид үнийн энэ өсөлт хөгжлийн алтан үе ирснийг зарлалаа хэмээн байнга ярьж, бичиж байна. Гэтэл эрх баригчид гэнэт олдсон боломжийг чулуу болгож чадахгүй байгааг дэндүү унхиагүй гэхээс өөр аргагүи. УИХ Засгийн газар уул уурхайн салбарын талаархи бодлогоо олон жилээр харж, Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой, Нарийн сухайт, Асгат зэрэг томоохон ордыг одоо болтол ашиглаж чадахгүй байгаа нь хөгжилд ташуур биш чөдөр болж байна. Яарвал даарна гэдэг үг бий.
Гэхдээ үнийн өсөлтийн алтан үеийг алдвал, хөгжил рүү яарахгүй бол харин даарч мэдэхээр боллоо.УИХ ажлаа хийж чадахгүй хямарч, Засгийн газар огцрох чимээтэй дэнжигнэж, улстөрчид хоосон популизмаар өдөр хоногоо аргацааж байх зуур дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч эхэллээ. Монгол Улс зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох, Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах тухай яриа мөрөөдөл чигээрээ үлдэж ч мэдэхээр байна. 2007 он гарсаар зэсийн үнэ найман хувиар буурчээ.
Шинэ оны эхний өдөр тн зэсийн үнэ 6200 ам.доллар байсан бол өнөөдрийн (өчигдрийн) байдлаар 5500 ам.доллар болж буураад байна.Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийг батлахдаа дэлхийн зах зээл дээрх тн зэсийн үнийг дунджаар 6000 ам.доллар байхаар тооцсон. Гэтэл өнөөдөр тн зэсийн үнэ 5500 ам.доллар руу уначихлаа. Мэргэжилтнүүдийн өгүүлж буйгаас үзвэл, зэсийн үнэ цаашид ч унах төлөвтэй байгаа юм байна. Аливаа ашигт малтмалын үнийн уналт 15 хувьд хүрвэл дахин өсөх магадлал алдагддаг эдийн засгийн бичигдээгүй хууль бий.
Зэсийн үнийн энэхүү уналт 15 хувиас давбал уул уурхайн салбар төдийгүй улсын төсөвт хүндрэл учирч таарна.Ер нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 20 жилийн давтамжтай өсч, буурч байдаг ажээ. Хамгийн сүүлийн 20 жилийн мөчлөг 1998 оноос эхэлсэн.Өөрөөр хэлбэл, 1998 оноос хойш зэсийн үнэ тасралтгүй өсч ирсэн. Энэ нь үнийн алтан үеийн тэн хагасыг ард үдсэн гэсэн үг. Үлдэж байгаа 10 жилд зэсийн үнэ огцом есөхгүй, харин ч тогтмол буурах хандлагатай байгааг мэргэжилтэн хэлэв.
Зэсийн үнийн бууралт төсвийн орлогод сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргалаас тодруулахад,"Энэ талаар дүгнэлт хийхэд арай эрт байна. Зэсийн үнэ буурч байгаа нь үнэн. Өнөөдрийн байдлаар тн зэсийн үнэ 5500 ам.доллар байна. Улсын төсвийг батлахдаа тн зэсийн үнийг 6000 ам.доллар байхаар тооцсон. Үнэ буурч байгаа ч эргээд өсөх магадлалтай. Бид байдлыг анхааралтай ажиглаж байна. Хэрэв зэсийн үнэ энэ янзаараа тогтмол буурвал холбогдох тооцоо судалгааг гаргана. Ирэх сараас нааш урьдчилсан дүгнэлт хэлэх боломжгүй" гэсэн хариулт өглөө.
Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээс үзвэл, төсөвт одоогоор ямар нэг хүндрэл гараагүй ч үнэ бууралт цаашид үргэлжилбэл асуудал үүсч мэдэхээр байгаа аж.Юутай ч 1997 онд тн нь 1800 орчим ам.доллар байсан зэсийн үнэ өнгөрсөн жилүүдэд 9000 ам.доллар хүртлээ өслөө. Харин одоо бууж байна. Өнгөрсөн дөрөв хоногт 400 ам.доллараар буусан нь огцом уналт.
УИХ-аас баталсан Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татварын хуулийн үйлчлэл тн зэсийн үнэ 3800 ам.доллар болоход автоматаар зогсох ёстой. Хэрэв зэсийн үнийн уналт 3800 ам.доллар хүрвэл Монгол Улсын хөгжлийн санд орох мөнгө байхгүй гэсэн үг. Тус сан мөнгөгүй болчихвол хүүхэд бүрт өгч буй 10 мянган төгрөгийн тэтгэмж бас л зогсох аюултай. Тиим болохоор эрх баригчид тулга тойрсон хэрүүлээ больж улс орныхоо эдийн засаг, хөгжлийн төлөө толгойгоо ажиллуулах цаг болжээ. Үнийн, бас хөгжлийн алтан үе, боломж гэнэт олдсон шигээ гэнэт алдагддагийг мартмааргүй байна.

No comments: