Tuesday, June 19, 2007

Соичиро Хонда


Өнгөрсөн оны байдлаар дэлхий дээр 700 гаруй тэрбумтан байгаа тухай Америкийн нэр хүндтэй “Forbes” сэтгүүл мэдээлсэн. Энэ тоо өдөр ирэх тусам өсч байгаа. Тэрбумтан бүрийн баяжсан түүх адилгүй. Өнөөдөр хорвоогийн хамгийн баян хүн гэгдэж байгаа хүн өмнө нь сохор зоос ч үгүй нэгэн байсан байх нь цөөнгүй. Манай сонин “Тэрбумтан” цувралаар дэлхийн баячуудын хэрхэн эд хөрөнгө хуримтлуулсан үүх түүхийг уншигч та бүхэнд толилуулж байгаа билээ.“Олон хүмүүс амжилтын тухай мөрөөддөг. Харин би, алдаж, алдаагаа засч, өөрийгөө шүүмжилсний эцэст л амжилт ирдэг гэдэгт итгэдэг. Амжилт гэдэг бол зөвхөн нэг хувь нь таны хөдөлмөр, харин үлдсэн 99 хувь нь ялагдал байдаг юм”. Соичиро Хонда. Хүндэт докторын зэрэг гардан авах үедээ Мичиганы Их сургуульд хэлсэн үгнээс. Хүүхэд байхдаа Хонда том болоод машинтай болохыг мөрөөддөг байж. Харин хожим нь тэрбээр авто машин, мотоциклийн үйлдвэрлэлд эргэлт гаргасан дэлхийн нөлөө бүхий бизнесмен болно гэж зүүдэлсэн ч үгүй. Хонда их бизнес, олон улсын худалдааны талаар ямар ч мэдлэггүй. Зөвхөн наймдугаар ангийн боловсролтой, техникийн талаар ямар ч ойлголтгүй байсан хэдий ч маш том амжилтад хүрч чадсан юм. Хэцүү асуудлыг шийдэхдээ тэрбээр амар хялбар арга замыг хайж олох дуртай байв. Энэ чанар нь ч түүнийг дэлхийн агуу шинэчлэгчдийн эгнээнд оруулсан гэдэг. 1980-аад оны эхэн үе гэхэд Хонда нь Японы гурван том машин үйлдвэрлэгчдийн нэг байсан бол 1980-иад оны сүүлч үе гэхэд дэлхийн гурван тэргүүлэгч машин үйлдвэрлэгчийн нэг болж чадсан. Соичиро Хонда 1906 онд Хамаматчу мужийн маш ядуу гэр бүлд төрсөн. Түүний эцэг эх үгээгүй ядуу байсан бөгөөд таван хүүхэд нь багадаа өлсгөлөнгөөр нас барсан гэнэ. Соичиро Хондад харин хүн болох аз таарчээ. Тэрбээр сурах дургүй байсан бөгөөд юм бүхнийг өөрөө туршиж үзэх дуртай байсан гэдэг. Тэрбээр багадаа анх машин харснаа хэзээ ч мартдаггүй. Хожим нь тэрбээр намтартаа “Анх машин хараад би илбэдүүлсэн мэт хойноос нь гүйж билээ. Би маш их сандарч догдолсон байсан. Жоохон байсан ч чухам тэр үед л хэзээ нэгэн цагт би өөрөө машиныг хийх болно гэж бодсон байх” гэж бичжээ. Хонда 1922 онд дунд сургуулиа төгсөөд ажил олж хийхээр Токиог зорьжээ. Тэнд тэрбээр авто засварын газарт дагалдангаар ажиллах болов. Ийнхүү зургаан жил суралцсаны эцэст хураасан бүх мөнгөөрөө өөрийн төрөлх хотдоо засварын газар нээлээ. Улмаар 1950-иад оны эхээр компани байгуулж, асар өндөр өрсөлдөөнтэй мотоциклийн зах зээлд нэвтэрлээ. Дараачийн таван жилийн дотор тэрбээр 250 өрсөлдөгч компаниа амжилттай дампууруулжээ. Түүний анхны мотоцикль “Dream” нь Соичиро Хондагийн багын мөрөөдлийн биелэл болов. Дараагаар нь 1955 онд “Super club” загвараа гаргаж хоёр жилийн дараа Америкийн зах зээлд энэ мотоциклио нийлүүлэх болов. Тэрбээр таван сая ам. доллар зарцуулан “Шилдэг хүмүүс Хонда унадаг” гэсэн сурталчилгааг цацаж эхлэв. Ингээд 1963 он гэхэд “Хонда” мотоцикль “Харли Дэвидсоныг” ардаа орхиж бизнес давхаргын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болсон байв. Харин Соичиро Хонда мотоциклийн салбараасаа гурван тэрбум ам.долларын орлого олж байлаа. Түүний өвөрмөц дизайн, маркетингийн шийдэл нь мотоциклийг зөвхөн “хар савхин хувцастай хүмүүсийн” унаа биш харин “дундаж орлоготой хүмүүсийн хэрэглээ” болгож өгсөн юм. Мотоциклийн үйлдвэрт байр сууриа бат олсон Хонда машины зах зээлийг эзлэхээр шийдэж уралдааны машин дээр анхаарлаа хандуулав. Анхны уралдааны машинаа тэрбээр 1962 онд танилцууллаа. Японы Олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн яам, Японд дахиад нэг машин үйлдвэрлэгч компани хэрэггүй гэж хэлж байсан ч Хонда үүнийг үл тоомсорлов. Асар хатуу өрсөлдөөнтэй машины зах зээлд Хонда хөл дээрээ бат зогсож чадсан төдийгүй замдаа тааралдсан ч хэнбугайг ч устгаж чадсан.
Ууртай босс
Хонда 1938 онд поршнийн цагариг зохион бүтээж нэрд гарав. Улмаар тэрбээр эдгээр цагаригуудыг Токио дахь “Toyoto” компанид нийлүүлэх боллоо. Дайны үеэр ч тэрбээр энэ ажлаа хийж байсан бөгөөд харин үйлдвэр нь бөмбөгдөлтөнд өртсөний дараагаар бизнес нь зогсов. 1946 онд Хонда нэгэн шинэ нээлт хийлээ. Машиндаа хийх шатахуун байхгүй байсан тул тэрбээр америк цэргүүдийн орхисон хөдөлгүүрээс нэгийг нь авч унадаг дугуйндаа бэхэлжээ. Энэ хөдөлгүүрээ тэрбээр керосинээр дүүргэсэн юм. Ер нь Соичиро Хонда энэ маягийн энгийн хэрнээ тансаг шийдвэр гаргадаг өвөрмөц сэтгэлгээтэй хүн. Дараагаар нь тэрбээр найз нөхдийнхөө хүсэлтээр дугуйнд нь хөдөлгүүр тавьж өгөв. Сүүлдээ хүмүүс захиалга их өгөх болсон тул гүйлгээ ухаантай Хонда ийм бизнес маш амжилттай байж болох юм гэж шийдэж 1948 онд “Хонда мотор” компаниа байгуулж хөдөлгүүртэй дугуй хийх болов. “Хонда” компани 1961 он гэхэд сард 100 мянган мотоцикль үйлдвэрлэж, 1968 он гэхэд АНУ-д сая гаруй тооны мотоцикль борлуулж байлаа. Улмаар 1980-иад оны дунд үеэр Хонда дэлхийн мотоциклийн зах зээлийн 60 хувийг гартаа атгаж, харин 1990-иэд оны эхээр жилд гурван сая мотоцикль үйлдвэрлэж байв. Тэрбээр 1970-аад оны эхээр машины зах зээлд орж ирсэн бөгөөд мотоциклийн зах зээлийг байлдаы эзэлсэн шигээ шинэ техникийн шийдлээрээ бүхнийг байлдан дагуулж чадлаа. Гэсэн ч Японы машины үйлдвэрлэгчид түүнийг өргөмөл хүүхэд мэт гадуурхаж байв. Японд нефтийн хямрал болж 1974 онд машин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ багасгаж, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх шийдвэр гаргалаа. Харин Хонда л тэдэнтэй нэгдээгүй бөгөөд харин ч эсрэгээр нь үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлж, үнээ хямдрууллаа. Үнийн уян хатан бодлогын тухай хэзээ ч сонсож байгаагүй Хонда амжилтад хүрэв. “Nissan”, “Toyoto”-гийн үйлдвэрлэл 40 хувиар унаж байхад түүний компанийн худалдааны эргэлт 76 хувиар огцом нэмэгдэв. Ингээд 1987 онд “Hnnda” дэлхийн хамгийн хурдацтай өсч байгаа компанид тооцогдох боллоо. Соичиро Хонда түргэн зантай босс байсан гэдэг. Түүнийг үйлдвэрийн цехэд орж ирэхэд ажилчид нь маш их айдаг байсан бөгөөд ямар нэгэн алдаа гаргасны төлөө захирал нь боолтны түлхүүр ч шидэхээс буцдаггүй байсан аж. Ажил хэргээ ч тэрбээр ширээний ард суугаад биш харин сакэ шимэнгээ шийдэх дуртай байж. Нэгэн удаа тэрбээр Европын нэгэн компанийн төлөөлөгчтэй гэрээ хийж байжээ. Хэтэрхий их сакэгээр дайлуулсан зочин нь согтож 00-д хиймэл шүдээ унагачихаж. Гэтэл Соичиро Хонда огтхон ч эргэлзэлгүйгээр 00-руу гараа хийн шүдийг авч угаалгын өрөөнд ороод хэдэн хормын дараа инээд алдан, нөгөө хиймэл шүдийг амандаа хийсэн гарч ирж гэнэ. Энэ алхам гадаадын төлөөлөгчийг дор нь илбэдэж, бүтэх эсэх нь эргэлзээтэй байсан хэлэлцээнд дор нь гарын үсэг зурсан гэдэг.

No comments: